2011/11/20

2. Төрийн санхүүгийн тухай


Хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн тодорхой үе шатанд төр үүсч бий болсон нь төрийн санхүүгийн систем бүрэлдэн тогтох гол нөхцөл болжээ. Яагаад гэвэл төр үүссэн цагаасаа эхлэн нийгмийн өмнө тодорхой үүрэг хүлээж ирсэн бөгөөд энэ үүргээ биелүүлэхэд мөнгөн хөрөнгийн тодорхой нөөц зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ мөнгөн хөрөнгийн нөөцийг бүрдүүлэх, энэ нөөцөө хэрэгцээт салбарт нь хуваарилах явцад төрийн санхүүгийн харилцаа анх бий болжээ.
            Төрийн санхүү гэдэг нь ард түмний нийгэм соёлын хэрэгцээ, улсыг батлан хамгаалах болон удирдлагын үйл ажиллагааны зардал, түүнчлэн үйлдвэрлэл явуулах хөрөнгийн эх үүсвэрээр хангах зорилгоор мөнгөн хөрөнгийн нөөцийг төрийн мэдэлд төвлөрүүлэх, түүнийг ашиглахтай холбогдон үүсч байгаа мөнгөн харилцаануудын нийлбэр цогц юм.
            Энэ харилцаанд оролцогч субъектууд нь нэг талаас төр буюу Засгийн газар, нөгөө талаас ААНБ, иргэд болж байна. Өөрөөр хэлбэл төр нь төрөл бүрийн арга механизмаар дамжуулан санхүүгийн нөөцийг өөрийн мэдэлд хуримтлуулж, ҮНБ ба үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилах замаар түүнийг ашиглах явцдаа байгууллага иргэдтэй мөнгөн харилцаанд ордог.
            Энэ нь төр өөрийн үүргээ биелүүлэхийн тулд санхүүгийн нөөцийг хуримтлуулах, хуваарилах замаар улс орны эдийн засагт нөлөөлдөг гэсэн үг. Энэ утгаараа төрийн санхүү улсын эдийн засгийн бодлогын нэг чухал хэсэг болдог.    
            Төрийн санхүү нь улс орны эдийн засагт дараах үндсэн үүргүүдийг гүйцэтгэдэг.
1.    Мөнгөн хөрөнгийн нөөцийг төрийн мэдэлд төвлөрүүлэх
2.    Төрийн мэдэлд төвлөрсөн нөөц хөрөнгийг бүс нутгуудад болон эдийн засгийн салбаруудад хуваарилах
3.    Нөөц хөрөнгийн бүрдүүлэлт болон хуваарилалтанд хяналт тавих  
            Төрийн санхүүгийн бүрэлдэхүүнд тус тусдаа бие даасан өвөрмөц үүргүүдийг гүйцэтгэдэг хэд хэдэн салбар орно. Үүнд:
·         Төсөв
·         Улсын зээллэг
·         Тусгай зориулалттай сангууд
·         Төрийн байгууллагуудын санхүү
            - Төрийн санхүүгийн бүрэлдэхүүнд төсөв чухал үүрэг гүйцэтгэнэ. Төсвийн тусламжтайгаар төрөөс хэрэгжүүлэх гол гол хөтөлбөрүүд, батлан хамгаалах болон ард иргэдийн нийгэм соёлын хэрэгцээг хангах олон асуудлыг шийдвэрлэдэг.
Төсвийг удирдлагын түвшингээр нь улсын төсөв, орон нутгийн төсөв гэж ангилдаг. -  Улсын зээллэг гэж улс орны тодорхой зардлыг санхүүжүүлэх зорилгоор мөнгөн хөрөнгийг эргүүлж төлөх болзолтойгоор төрийн мэдэлд төвлөрүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Улсын зээллэгийн зээлдэгч нь тухайн улсын Сангийн яам болон орон нутгийн санхүүгийн байгууллагууд байна.
-          Тусгай зориулалттай сан нь бие даасан ажиллагааны үндсэн дээр нийгмийн хэрэгцээг хангах, санхүүгийн нөөцийг ашиглах, дахин хуваарилах үүрэгтэй байгууллага юм. Үүнд нийгмийн даатгалын сан, тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан зэрэг сангууд орно.Эдгээр сангууд нь улс орны өмнө тулгарсан зөрчил бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгын үүднээс анх үүссэн.
             Гол зорилго нь тусгай зориулалттай арга хэмжээнүүдийг санхүүгийн болон бусад эх үүсвэрээр хангахад чиглэгддэг.
            Тусгай зориулалттай сангуудын тусламжтайгаар төр дараах үүргүүдийг гүйцэтгэдэг.
1.   Байгууллагуудад зээл, санхүүжилт олгох замаар үйлдвэрлэлийг дэмжих
2.   Байгаль орчныг бохирдуулсны төлөө төлөх торгууль болон бусад эх үүсвэрийн тусламжтайгаар байгаль хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх
3.   Тэтгэвэр тэтгэмж, мөнгөн тусламж, санхүүжилт олгох замаар нийгмийн эмзэг хэсэгт үйлчилгээ үзүүлэх болон бусад.
            -  Төрийн байгууллагуудын санхүү нь хувийн секторын санхүүгээс нилээд ялгаатай байдаг. Учир нь тэдгээрийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, зорилго нь өөр өөр юм. Төрийн байгууллагууд нь улсын орлогыг удирдах, нийт ард түмний хэрэгцээг хангах, тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой учраас ашгийн төлөө бус байх бөгөөд мөн орлогын ихэнх хэсгийг төсвийн хөрөнгө бүрдүүлдэг.   
            Энэ бүгдээс дүгнэвэл:
            Санхүү гэдэг нь мөнгө биш, харин төр өөрийн үүргийг гүйцэтгэх явцад үүсч буй мөнгөн орлогын сан бүрдүүлэх түүнийг хэрэглэж ашиглах харилцаа юм.

No comments:

Post a Comment