2011/11/20

Төрийн нийгмийн үйлчилгээний санхүү


Төрийн нийгмийн үйлчилгээ гэдэг нь төрийн болон төсвийн байгууллагуудаар дамжин иргэд, хуулийн этгээдүүдэд үзүүлэж байгаа үйлчилгээ, нийгмийн үр ашигтай хэрэглээг илэрхийлсэн харилцаа юм. Иргэдэд төрөөс буцалтгүй хэлбэрээр үзүүлж буй бүх талын үйлчилгээ нь төсвийн болон төсвийн гадуурхи фондоос нийгмийн үйлчилгээний наад захын хэрэгцээг хангахад зориулагдана.
            Төрийн нийгмийн үйлчилгээний санхүүг судлахад
  1. Төрийн нийгмийн бодлого
  2. Төрийн санхүүгийн стандарт гэсэн 2 гол ойлголтыг авч үздэг.
Төрийн нийгмийн бодлого
Дэлхийн улс орнуудын хувьд нийгмийн шинж чанартай авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь төрийн нийгмийн бодлогоор тодорхойлогдоно. Нийгмийн бодлого нь нийт улсын болон бүс нутагт нийгмийн дэд бүтэц хөгжүүлэх, нийгмийн шинжтэй бүх талын үйлчилгээг үзүүлэх, хүний нөхөн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах, хүн амын амьдралын хэвийн нөхцлийг бүрдүүлэхтэй холбоотой төрийн бодлогн бүрэлдэхүүн хэсгийг багтаасан нийгмийн харилцааг илэрхийлнэ. Тухайн улс нь нийгмийн бодлогоор үндсэн хуулиар олгосон хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлж байдаг.
            Нийгмийн бодлого хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь тодорхой хөтөлбөр, санхүүжилтийн норм, норматив, стандарт, хууль, баталгаа, журам зэргээс бүрдэнэ. Нийгмийн бодолгын хүрээнд шийдвэрлэгдэх асуудал нь үйлдвэрлэлийн өсөлт бууралт, хөдөлмөрийн бүтээмжийн дээшлэлт, нөөц хөрөнгийг хэрхэн зөв хуваарилснаас ихээхэн шалтгаална.
            Нийгмийн бодлого нь олон нийтийн үзэл бодол, үнэт хүчин зүйлийн илэрхийллээс ангид байх боломжгүй, янз бүрийн нам эвсэл, нийгмийн бүлгийн үзэл бодол, улс орны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх тэдний санал зөрчилдөөний тусгал болж байдаг. Эцсийн дүнд нийгмийн бодлогын хэрэгжүүлэлт нь нийгмийн зөвшилцөл, нийгмийн янз бүрийн бүлэг давхаргын ашиг сонирхлын нэгдэл, нийгэм, улс төрийн байнгын тэнцвэрт байдлыг бий болгосоны үр дүнгээр илэрч байна.
            Хүн төрөлхтөн нийгэм эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хоёр үндсэн хэлбэр ашиглаж ирсэн. Үүнд:
  1. Эрс өөрчлөлт хийх
  2. Шинэчлэл хийх
Эхний хэлбэр нь нийгмийн бодлогод байнга давтагдах шинжтэй хэрэгжиж ирсэн бол хоёрдох нь баруун Европын улс орнуудад амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгсөн.
Нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх хоёр хэлбэрийн хүрээнд дараах зарчим мөрдлөг болно.
*      Тухайн тохиолдолд учирсан аливаа хохирлоос иргэдийг хамгаалах зарчим
*      Нийт хүн амын амьдралын түвшинг төрөөс баталгаатай хамгаалах зарчим
*      Нийгмийн хэрэгцээг хангах журам тогтоох зарчим
*      Нийгмийн шударга ёс хэрэгжүүлэх зарчим
*      Нийгмийн гишүүн бүр тохирсон хэрэгцээг хангах зарчим
*      Үндсэн хуулийн хүрээнд хүний нийгмийн эрхийг хангах зарчим
Эдгээр зарчмыг хэрэгжүүлэх үүднээс төрийн гүйцэтгэх нийгмийн үүрэг нэмэгдэж нийгмийн бодлогыг хэрэгжүүлэхэд зориулагдсан зардал тасралтгүй өсдөг. Нийгмийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон бүрэлдэхүүн хэсэг нь:
1.    Нийгмийн хангамж
2.    Нийгмийн даатгал
3.    Нийгмийн тусламжаас бүрдэнэ.
Төрийн зүгээс хэрэгжүүлэх нийгмийн бодлого нь нийгмийн хамгааллын системийг бүрдүүлэх ажилтай шууд холбоотой. Үүний тулд дараах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх нь чухал.
  1. Нийгмийн хамгаалал шаардлагатай гишүүдийг тодорхой бүлэглэлд хамааруулж, өрхийн орлого тодорхойлох шалгуур үзүүлэлт болон хяналтын системийг тогтоон мөрдөх
  2. Тодорхой бүс нутаг, улсын хэмжээгээр болон хүн амын нийгмийн бүлэглэлд үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэрэгслийг зөв сонгох
  3. Нийгмийн бүлэглэлд хамруулсан өрх гэр, иргэдийн амьдралын түвшинд зөв үнэлгээ тогтоох. Өрхийн төсвийг тогтоохдоо мөнгөн болон биет хэлбэрээр олох орлогыг бүрэн хамруулан авч үзэх. Төрийн зүгээс үзүүлэх нийгмийн шинж чанартай тусламж нь хэрэглээний хамгийн доод түвшинг хангахад чиглэгдсэн байвал зохино. Хэрэглээний хамгийн доод түвшин нь зайлшгүй хэрэгцээт бараа, үйлчилгээнээс бүрдэх ба цаашид өсөн нэмэгдэх хандлагатай хэрэглээний норм хэмжээг бага орлоготой иргэдийн хэрэглээний бүтэцтэй уялдуулан боловсруулж гаргах нь чухал.
  4. Нийгмийн гишүүдэд үзүүлэх бүх төрлийн тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, татаас нь мөнгөн болон биет материалын хэлбэртэйгээр аль болох орлого бага нийгмийн гишүүн бүрт хүрэх боломжоор хангагдсан байвал зохино.
Манай улс одоо нийгмийн бодлогын хүрээнд:
  1. төвлөрсөн
  2. барууны загварыг хэрэгжүүлж байна.
Төвлөрсөн загварыг хэрэгжүүлэхэд нийгмийн хамгааллын арга хэмжээнд зориулагдах эх үүсвэрийн хувьд:
    • ажил олгогч буюу үйлдвэрийн газар
    • ажиллагч буюу хувь хүн
    • улсын төвлөрсөн хөрөнгөнөөс бүрдэнэ. Төвлөрсөн загварыг хэрэгжүүлэхэд төрөөс үнэ төлбөргүй тусламж үзүүлэх хэлбэр зонхилох хандлагатай байдгаар барууны загвараас онцлогтой байдаг.
Барууны өндөр хөгжилтэй орнуудаас хүний оюуны болон бүх талын нөөц хүчийг идэвхжүүлэх, илрүүлэн гаргахад төрийн зүгээс үзүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар нийгэм эдийн засгийн хүчин чадлыг улам бүр идэвхжүүлэх зорилго тавих болов. 
Төрийн нийгмийн үйлчилгээний стандарт
Төрийн нийгмийн үйлчилгээний стандартыг тогтооход мөрдлөг болгох хэд хэдэн зарчим байдаг.
  1. Иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэхтэй уялдсан байна.
  2. Олон улсад нийтээр дагаж мөрдөж буй шалгуур үзүүлэлтийг ашиглах
  3. Төрийн нийгмийн бодлогг хэрэгжүүлэх зорилгоор тогтоосон стандарын эдийн засгийн болон нийгмийн үндэслэлийн талаар төрийн болон захиргааны байгууллага хариуцлага хүлээх
Төрийн нийгмийн үйлчилгээний стандарт нь доорх үндсэн элементүүдээс бүрдэл болно.
  1. Төрийн болон төсвийн багйууллагын нийгмийн үйлчилгээний стандартын төрөл, хэмжээг тогтоох
  2. Төрийн нийгмийн үйлчилгээний стандартын норм, норматив нь биет болон өртгийн хэлбэрээр илэрхийлэгдэнэ.
  3. Төрийн нийгмийн үйлчилгээний стандартын үйлчлэх цаг хугацааны норматив
  4. Төрийн нийгмийн үйлчилгээний стандартын төрөл, хэмжээ тэдгээрийн хоорондын харьцааг тогтоож өгнө.

No comments:

Post a Comment